libertari.mn | Форум
Блог хайлт:

ЭРХ ЧӨЛӨӨ

Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.

Жон Стюарт Миль

Эрх чөлөө гэж юу вэ?

Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй. Чөлөөт байдал гэдэг бол эрх чөлөөг илэрхийлэх өөр нэг ойлголт юм. Эрх чөлөөг сахин хамгаалах нь засгийн газрын  үндсэн үүрэг юм.

Эрх чөлөө орчин үеийн нийгмийн ёс суртахууны нэг үнэт зүйл мөн гэдгийг одоо хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ дандаа тийм байгаагүй билээ. Хүн төрөлхтний түүхийн дийлэнхи үед засгийн газрын зорилго бол сайн сайхан амьдрал, сайн нийгмийг цогцлуулах явдал гэж үздэг байсан. Хүмүүс нийгмээс шийдвэрлэсэн нийтийн сайн сайхан үйлсийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, өөрсдийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлээ нийгмийн сайн сайханд захируулах ёстой байв. Эхэн үедээ эрх чөлөөг ноёд язгууртан зэрэг тодорхой хүмүүс буюу хэсэг бүлэгт олгосон тусгай эрх дарх гэж ойлгож байв. Эрх чөлөөтэй байх эрх хүн бүрт байдаггүй байсан. Эрх чөлөө бол хүн бүрт хамаарах ёстой ерөнхий нөхцөл гэсэн ойлголтыг XVIII зуунд Хоббс, Локк нар үндэслэсэн. Локк нэгэн бүтээлдээ "Хуулийн зорилго бол эрх чөлөөг устгах буюу хавчин хясах явдал биш, харин түүнийг хамгаалж, өргөжүүлэх явдал мөн" гэж дурдсан байдаг. Засгийн газрын үүрэг бол хувь хүмүүсийн эрх чөлөөг хангах явдал мөн хэмээх үзэл санаа XIX зуунд түгэн тархаж, эрх чөлөө улс төрийн нэг гол үнэт зүйл болон хөгжсөн. Харин XX зуунд эрх чөлөөнд хоёр томоохон заналхийлэл тулгарсан. Нэг хэсэг нь эрх чөлөө бол коммунизм эсвэл цэвэр үндэстний улс байгуулах зэрэг дээд зорилгод хүрэхэд захирагдах ёстой өчүүхэн зорилго гэж үзэж байхад социалистууд гэх нөгөө хэсэг хүмүүс засгийн газраас хүний дотоод хэрэгт илүү ихээр оролцох явдлыг зөвтгөхийн тулд эрх чөлөөний тухай үзэл баримтлалыг өөрчлөхийг санаархаж байв.

Өөрийн дураар амьдрах эрх

Эрх чөлөө эрхийн тухай ойлголтоор тодорхойлогдох нь түгээмэл. Би хаана амьдрах, хаана ажиллаж, хэнтэй амьдрахаа шийдэх эрхтэй. Хэрэв би бусдын эрхийг хүндэтгэж байгаа тохиолдолд өөр хэн ч намайг хүчилж, миний хүслийг зогсоох ёсгүй. Энэ нь Локкийн жам ёсны эрхийн тухай номлолоос эхтэй. Эрх чөлөө гэдэг бол өөрийн эрхийн хүрээнд амьдрахын нэр бөгөөд бусдын эрхэнд саад болсон эрх чөлөө байх учиргүй. Хэрэв ингэвэл эрх чөлөөг буруугаар ашиглаж "дураараа авиарлсан" хэрэг болно. Эрх чөлөө, дур зорго хоёр ялгаатай.

Хязгаарлагдмал засаг, чөлөөт зах зээлийг эрх чөлөө гэж тодорхойлж болно. Засаг төрийн үүрэг бол хүн бүрийн эрх чөлөөг хангахад чиглэсэн хууль тогтоомжийг мөрдүүлэх, бусдын эрх чөлөөнд саад болохгүй байх нөхцлийг бүрдүүлэх явдал мөн. Чөлөөт зах зээл нь эдийн засгийн эрх чөлөө болоод сонголт хийх эрх чөлөөтэй нягт холбоотой. Хэрэглэгчдийн худалдан авах эрх, худалдагчийн бараа үйлчилгээнийхээ үнийг тогтоох эрх /хэрэглэгчийн тэрхүү үнийг хүлээж авах буюу татгалзах эрх/, ажилчдын ажил мэргэжлээ сонгох эрх, үйлдвэрлэгчдийн өөрсдийн хүслээр үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнээ сонгох, сонгосон хүнээ ажилд авах эрх зэрэг үүнд багтана. Эдгээр эрх чөлөө зөвхөн капиталист нийгэмд оршиж чадна.

Хувь хүн ашиг сонирхлоо хамгийн сайн мэддэг

Зөвхөн хувь хүн өөрөө чухам юу хүсч, юуг эрхэмлэж, юуг таашааж байгаагаа, амьдралдаа ямар зорилго тавьсан, ямар ашиг сонирхолтой вэ гэдгээ хамгийн сайн мэднэ. Энэ нь хүн орчин тойрноосоо болон нийгмийн уг гарвалаасаа үл хамааран чөлөөт хүсэл сонголттой байна гэсэн үг. Хүн учир шалтгаан, ухамсрын тухай ойлголтдоо үндэслэн өөрийнхөө зөв гэж үзсэн сонголтыг хийдэг. Зөвхөн тухайн хувь хүн л юу хүсч, юуг эрхэмлэдэгээ мэднэ. Хүмүүс өөр бусад хүнд чухам юу зөв, юу тохиромжтой болох талаар төсөөлөлтэй байж болох боловч хэн ч тухайн хүн шиг сайн мэдэж чадахгүй. Тиймээс ч хүний хувийн амьдралыг зааж залахыг эрхэмлэдэг эцгийн эрхт ёсыг эрх чөлөө үгүйсгэдэг билээ.

Эрх чөлөө бүх хүний ашиг сонирхлыг хөгжүүлдэг

Эрх чөлөө ба дэг журам, нийтийн сайн сайхан ба хүмүүсийн ашиг сонирхлын хооронд зөрчилдөх зүйл байхгүй. Эрх чөлөө бүх хүний урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байдаг. Ютилитарианчууд /олонхийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн бүх зүйлийг зөвтгөдөг үзэл/ эрх чөлөөний үзлийг туйлын ихээр талархан дэмждэг байсан ба тэд эрх чөлөө нь олон хүмүүсийн ашиг сонирхлыг хангаж чадна гэдэгт итгэж байв. Тэдний нэг болох Жереми Бентамын тодорхойлсноор чөлөөт нийгмийн үр дүн бол "хамгийн олон хүнд хамгийн их жаргалыг" олгох явдал юм.

Адам Смит "үл үзэгдэгч гар" буюу заримдаа "аяндаа бий болох дэг журам" хэмээн нэрлэгддэг онолыг боловсруулсан. Уг онол ёсоор хувь хүн бүр өөрийнхөө төлөө тус тусдаа ажиллахад үр дүнд нь "үл үзэгдэгч гараар удирдуулсан мэт өөрийн анхлан зориогүй үр дүнд нэг мэдэхэд хүрдэг". Эрх чөлөөтэй хувь хүмүүс өөрсдийн эрх ашгийг хангахын тулд бусад хүмүүстэй хамтран ажиллахад хүрдэг бөгөөд тэр нь нийгмийн ашиг сонирхолд нийцэж, нийтийн сайн сайхныг хөгжүүлдэг. Энэ ертөнцөд хүн өөрийн хүслийг хангахын тулд бусдын хүслийг хангах ёстой болдог. "Үндэстнүүдийн баялаг" бүтээлдээ А.Смит "Махны худалдагч, пиво эсгэгч, талхчин нар өглөгч, сайхан сэтгэлтэйдээ бидэнд оройн хоол бэлдэж өгч байгаа юм биш. Тэд өөрсдөд нь ашигтай болохоор л тэгэж байгаа юм." хэмээсэн байдаг. Нийгэм дэх олон сайн сайхан зүйл хүмүүсийн анхнаасаа зориогүй үйл ажиллагааны үр дүнд бий болсон байдаг бөгөөд Адам Фергусон үүнийг "хүмүүсийн төсөөллийн бус, харин үйл ажиллагааны үр дүн" гэж тодорхойлсон.

Эрх чөлөө эрдэм мэдлэгийг дэлгэрүүлдэг

Жон Стюарт Милль хэдийгээр бид санал нийлэхгүй ч бусдын бодох, ярих, хийх зүйлийг хүлээн зөвшөөрөх явдлыг toleration буюу хүлээцтэй байх гэж нэрлэсэн. Өөр хүний зөв ч байж болно. Тэгвэл бид өөр хүнийг ойлгохыг хичээснээрээ өөрсдийн үзэл бодол, ойлголтоо дээшлүүлж болох юм. Аль эсвэл бид түүний алдааг тайлбарлан ойлгуулснаар, үзэл бодлыг нь өөрчилж болно. "Би чиний хэлж байгаа зүйлийг үзэн ядаж байна. Гэхдээ наад үгээ хэлэх эрхтэй байхын чинь төлөө би тэмцэх болно" гэж Волтер /францийн философич/ хэлсэн нь бий. Чөлөөт нийгэмд санаа бодлын өрсөлдөөнд янз бүрийн үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэгдэж, шалгагдаж байдаг. Ингэж үнэн зүйл худал хуурамгийг зайлуулдаг. Фридрих Хаек чөлөөт нийгмийн нэг үр дагавар бол мэдлэгийн өсөлт бөгөөд тэр нь нэг газар буюу нэг хүнд агуулагдаад байлгүй бүх хүний оюун санаанд түгэн тархаж байдаг гэж үзсэн. Эрх чөлөө бол урьдчилан төсөөлөөгүй, урьдчилан таамаглах боломжгүй зүйлийг ч хүлээн зөвшөөрдөг. Төвлөрсөн төлөвлөгөөт нийгэм хувь хүмүүсийг нэгэн туйлын зорилгод нийцүүлэхийг оролддог нь шинэ үзэл санаа үүсэн гарч, шинэ үйл хэрэг явагдахад саад тотгор учруулдаг.

Позитив "эрх чөлөө" бол эрх чөлөө биш

Эрх чөлөөг зарим хүмүүс "хэн нэгэн намайг ямар нэг зүйл хийхийг хориглохгүй байх" гэсэн уламжлалт утгаар нь бус, харин аливаа зүйлийг хийх чадвар буюу эсхүл бусдаар дамжуулан хүссэн зүйлээ олж авах хүч чадал /эрх мэдэл/ гэсэн утгаар нь ойлгодог. Энэ нь хүмүүсийн дээд болон доод "би", боломжит болон бодитой ашиг сонирхлын ялгааг тодруулж өгдөг.  Түүнчлэн чухамхүү энэхүү харилцаа нь Марксын "хуурмаг ухамсар" хэмээн тодорхойлсон ойлголт буюу тодруулбал, хүмүүс капитализмыг түлхэн унагах жинхэнэ үнэн сонирхол нь юу вэ гэдгийг мэддэггүй гэсэн ойлголтын үндэс юм. Тиймээс зөвхөн марксист ба коммунист намууд түүнийг жинхэнээр нь ойлгодог тул тэдэнд эрх мэдэл өгөх хэрэгтэй гэсэн. Үүнээс үүдэн нэг асуудал гарсан нь хүмүүсээс асуулгүйгээр тэдний ашиг сонирхлыг сайн мэддэг хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг эрх мэдэлтнүүд бий болж, энэхүү үзлийг буруугаар ашигласан. Харин Жан Жак Руссо эрх чөлөө хэмээх ойлголтыг "нийтлэг хүсэл зориг"  буюу нийтийн сайн сайханд дуулгавартай захирагдах явдал хэмээн тодорхойлж байсан. Тиймээс өөр үзэл санаатай хүн бүрийг "хүчээр эрх чөлөөтэй" болгох ёстой гэж байв. Энэ нь мэдээж эрх чөлөөний ерөнхий ойлголтын үүднээс авч үзэх юм бол утга учиргүй зүйл билээ.

Оксфордын гүн ухаантан Исаиа Берлин "Эрх чөлөөний тухай хоёр үзэл баримтлал" хэмээх алдартай бүтээлдээ эхний ойлголтыг "негатив эрх чөлөө", дараачийхийг нь "позитив эрх чөлөө" хэмээн тодорхойлсон. Тэрээр "негатив эрх чөлөө" гэдэг нь "бусдын зүгээс саад тотгор, хязгаарлалт огтхон ч байдаггүй хүрээ" гэж үзсэн. Энэ утгаараа эрх чөлөө гэдэг нь хязгааргүй үйлдлийн ертөнц мөн. Хаек үүнийг "албадлага байхгүй байх явдал" гэсэн. Берлин мөн "позитив эрх чөлөөг": "өөрөө өөртөө эзэн нь байх" гэж тодорхойлсон. Тэрээр энэ бол эрх чөлөө биш, харин эрх мэдэл гэж үзэж байв. Эрх чөлөөг үгүйсгэнэ гэдэг ямарваа нэг үйлдэл хийхийг хориглоно гэсэн үг. Харин эрх мэдэл байхгүй байна гэдэг нь эрх чөлөө байхгүй байна гэсэн үг огт биш. Тухайлбал, дэлгүүрт ном байхгүйн улмаас худалдаж авах боломжгүй байх явдал хийгээд тэр номыг төрөөс хориглосны улмаас түүнийг олж авах боломжгүй байх хоёрын хооронд асар их ялгаа бий. Сүүлийнх нь бол эрх чөлөөг боогдуулж байгаа хэрэг, харин эхнийх нь биш.

Позитив /тогтоогдсон-албадлагжсан/ эрх чөлөө нь мөн хувь хүн тухайлсан зорилгод өөрийгөө чиглүүлж байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хувь хүн зөвхөн өөрийнхөө төлөө бус, харин анги давхарга, улс үндэстэн, арьс өнгө зэрэг нийтлэг нэг олонхийн зорилгыг хангахын төлөө амьдрах ёстой гэдэг. Хүмүүс өөрсдийн сонгосон зорилгын төлөө бус, харин бусдын сонгосон, түүнээс илүү дээгүүр зорилгыг хангахын төлөө амьдардаг. Маргарет Тетчер энэ санааг эрс эсэргүүцэж "Ёс суртахууны гол цөм нь сонголт. Хэрэв сонголт үгүй бол ёс суртахуун ч, сайн сайхан, муу муухай ч үгүй байхсан. Сайн сайхан, муу муухай гэдэг ойлголт хүн зөвхөн сонгох эрхтэй байгаа нөцөлд л утга учиртай" хэмээсэн байна.

"Уршиг бүү тарь!" зарчим          

Хууль мөн чанараараа хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, тодорхой зарим зүйлийг хийвэл шийтгэхээр заналхийлдэг. Хүмүүс хуулийг хүндэтгэж, хуулийн хүрээнд амьдрах хэрэгтэй байдаг. Хэзээ хүний эрх чөлөөг хязгаарлахаар хууль хэрэглэж болох вэ? Жон Стьюарт Милль "Эрх чөлөөний тухай" номдоо "Уршиг бүү тарь!" хэмээх зарчмыг тодорхойлж өгсөн.

"Зөвхөн өөрийгөө хамгаалах шаардлагаар бусдын эрх чөлөөнд хөндлөнгөөс халдаж болно. Иргэншсэн нийгмийн аль нэг гишүүний эсрэг хууль ёсоор хүч хэрэглэж болох цорын ганц тохиолдол бол бусдад хор хохирол учрахаас сэрэмжлэн хамгаалах явдал юм." 

Өөрөөр хэлбэл, аливаа хүний үйлдэл бусад хүмүүст гэм хор учруулахгүй байхыг хуулиар сэрэмжлэн хамгаалах ёстой. Мэдээж найз нөхөд, гэр бүлийнхэн, заримдаа бүр огт танихгүй хүмүүс ч гэсэн хэн нэгний биеэ авч явах байдлыг өөрчлөхийг эрмэлзэх нь бий. Тухайлбал, өөр хаа нэг газар амьдрах, өөр хэн нэгэнтэй гэрлэх, өөр газар ажиллахыг зөвлөдөг бөгөөд эдгээр нь хуульд хамаарах асуудал биш.

Эрх чөлөөний асуудал

Бусдын эрх чөлөөг адилхан хүндэтгэн амьдралын бүхий л хүрээнд сонголт хийх эрхийг эрх чөлөө гэдэг тул бүх эрх чөлөөг жагсаан бичих боломжгүй юм. Зохих ёсны анхаарал татдаг зарим эрх чөлөө байдаг.

Үүнд бодож сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө багтана. Бусдаас өөр, янз бүрийн үзэл бодлыг хүлцэн тэвчих учиртай. Хэвлэл мэдээлэл хүссэн зүйлээ хэвлэн нийтлэх эрхтэй байх ёстой. Шашин бүр үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрхтэй байх ёстой. Хувь хүн бүр үзэл бодлоо аливаа шийтгэл хүлээлгүйгээр илэрхийлэх эрхтэй байх учиртай. Үзэл санаа, итгэл үнэмшлийн өрсөлдөөнөөс үнэн урган гардаг.

Хэлцэл хийх эрх чөлөө. Аливаа хүн өөрийн сонгосон ямар ч хүнтэй худалдаа арилжаа хийх эрхтэй. Өөрийн хүссэн хүнтэй, харилцан тохирлцсон үнээр худалдах буюу худалдан авах эрх чөлөөтэй байх ёстой. Энэ нь ажил олгогч ба ажилтан хамтын ажиллагааныхаа нөхцлийг харицан тохиролцох эрх чөлөөнд мөн хамаарна. Төр эдгээр тохиролцоо үнэхээр сайн дурын үндсэн дээр хийгдэж, аливаа хууран мэхлэлт буюу хүч хэрэглэхгүй байх нөхцлийг хангах үүрэгтэй.

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө. Бусдын эрх чөлөөг хөндөөгүй нөхцөлд аливаа хүн ямарваа нэг зорилгын төлөө хүссэн хүнтэйгээ эвлэлдэн нэгдэх буюу хамтран ажиллах эрх чөлөөг эдлэх учиртай. Мөн харилцан зөвшилцсөний үндсэн дээр сонгосон хүнтэйгээ гэрлэх буюу  дотно харьцаа тогтоох эрхтэй.

Эрх чөлөө бол бусад үнэт зүйлсийн үндэс болдог учраас хамгийн үнэ цэнэтэй зүйл билээ. Эрх чөлөө тэдгээрт утга учир өгдөг. Тэрээр мөн бидэнд сонгосон амьдралаараа амьдрах боломж олгодог. Магадгүй хүн бүр, нийгэм бүр, ялангуяа бүх засаг төр үүнд хүрэхэд хэцүү гэж үздэг байж болох ч эрх чөлөө бусдын амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байхыг биднээс шаардсаар байдаг.

Унших ном

Isaian Berlin. Four Essays on Liberty. Oxford. Oxford University Press., 1969.

Friedrich Hayek. The Constitution of Liberty. London. Routledge., 1960. chapters 1-5.

Milton Friedman. Capitalism and Freedom. London. University of Chicago Press., 1962. chapter 1.

John Stuart Mill. On Liberty. London. Penguin., 1971 /1859/.

Adam Smith. The Wealth of Nations. Indianapolis. Liberty Press., 1981 /1776/.

бичсэн: Tji | төрөл: 2007-05-25 өдөр 16:25
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (31) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



миа
Бичсэн: Зочин 09:22, 2009-07-10 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин 09:22, 2009-07-10 | Холбоос | |


uuchlaarai
tanii blogoos ih zvil unshlaa mun huullaa. tand bayarlalaa
Бичсэн: mind 09:41, 2008-03-29 | Холбоос | |


za medehgui ee.namaig amaraa aedeggui namaig amaraa gdg ghd bi surdag ghd bi 10jild surdaggvi ghd bi sags togoldog ghd bi nba.d togoldoggvi erh chuluu gj yu yum be ain hushuun my name's dz man
Бичсэн: Зочин 12:52, 2008-02-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
www.news.mn-ний хэлэлцүүлэг гэсэн рүү ороорой тэнд Үндсэн хуулийн төсөл байгаа. татаж аваад уншиж болно. Банараасаа орохгүй байх шиг байсан. Хэлэлцүүлгээр нь дамжаад орж болно. Гэхдээ би news.mn-ийхэнд хэлээдхэе. Нээрээ яааад шууд орж болохгүй байгаа юм болоо.
Бичсэн: Tji 08:16, 2007-10-23 | Холбоос | |


Ундсэн Хуулиин тосол
Саин баина уу?
Нэес.мн дэх сурталчилгааг харсан хэдии ч комьпютериин минь мэдлэг ногоон тэгиин улмаас гаргаж авч уншиж чадахгуи юм. Унших сонирхол тун их. Буур болохгуи бол эх орондоо очих уеэрээ сургуулиараа орж тэнхимиинхэнтэигээ уулзаж ярих далимаараа л олж унших арга л улдэх болтои.
ГХ,
УМ-ЁЗ

Бичсэн: Ym-Yz (зочин) 19:46, 2007-10-22 | Холбоос | |


Сэтгэгдэл
Таны блогийн энэ бичлэгийг ашиглахыг зөвшөөрнө үү... Мэдээллийн эх сурвалжийг дурьдах болно оо.
Бичсэн: Цогбадрах (зочин) 19:49, 2007-09-30 | Холбоос | |


Сэтгэгдэл
Д.Ганзоригт сэтгэгдэл бичсэнд баярлалаа.
Энэ сарны 18-22 өдрүүдэд болох Либертари зуны сургалтад хамрагдвал асуултуудандаа бүрэн биш ч тодорхой хариу олж болох байхаа.
Хариуг хэн нэгнээс бэлэн авахаасаа илүүтэй өөрөө хайж, хүч, оюунаа зарж олж авах нь хариу дангаараа биш бас итгэл үнэмшилтэй хамт ирдэг. Тийм хариу эрч хүчийг дагуулж үйл хэрэг эхлүүлдэг гэдэг.
Чи зүгээр нэг хариу бус өөртөө хүч чадал өгч болох тийм хариу хайж байгаа юм шиг санагдлаа.
Сэтгэгдэлд чинь хариу бичээгүй удсанд уучлаарай.
Гадаад ертөнц дэх ажил их байгаа болохоор кибер ертөнцдөө цөөн орж ирээд байна happy
Бичсэн: Tji 14:20, 2007-07-15 | Холбоос | |


Сэтгэгдэл
Сайхан нийтлэл байна.
Юуны түрүүнд энэ сайхан нийтлэлүүдийг бичсэн Тэмүүжин багшдаа цаашдын ажилд нь амжилт хүсье.энэ бүх ниитлэл нь ардчилалын тулгуур ойлголтуудыг залуучуудад таниулж байгаа нь тустай боловч альваа зүйлд туйлын үнэн үгүйг бас дахин ойлгуулах нь хэрэгтэй болов уу.аливаа зүйлд сайн муу 2 тал үргэлж оршин байдаг билээ.өнөөгийн монголын улс төр хийгээд нийгэмийн болохгүй бүтэхгүй зүйлсийг хэлж ойлгуулах нь ардчилалыг хамгаалхад чухал боловч бас түүний төлөө тэмцэл хиих цаг нь ирсэн мэт санагдах юм.над мэтийн монголдоо саихан амьдрах хүсэл бодолтой монголоо хөгжүүлэх эрмэлзэлтэй залууст одооноос юу хиивэл зохистойг хэлж ойлгуулж өгнө үү гэж хүсэх байна.бид юунаас эхлэх вэ?таны лекц илтгэлд хаана яаж хамрагдах бэ? энэ бүх асуултанд маань хариулна байх гэж наидаж байна.

Хүндэтгэсэн Д.Ганзориг
Бичсэн: ganzo (зочин) 19:28, 2007-06-25 | Холбоос | |


Сэтгэгдэл
Маргааш очноо. Хайр, уучлал, тус дэм. Бидний амьдралыг өнгтэй, аз жаргалтай болоход тусалдаг "ид шидтэй" гурван үг.
Бичсэн: Tji 19:45, 2007-06-21 | Холбоос | |


Сэтгэгдэл
Энэ охинд туслах ажлыг эхлүүлсэн хүмүүст баярлалаа. сайн үйлийг дэмжиж 22-ны өдөр уулзалдцгаая.
Бичсэн: 12:30, 2007-06-21 | Холбоос | |


Батзаяад тусалцгаая
Би өчигдөр Батзаяагийн блогийг уншлаа. Үнэхээр өрөвдөлтэй юм. Тэрээр одоо хүнд өвчинтэй байгаа. Түүндээ шаналан зовж байгаа ....... Та бүхэн түүнд туслахыг хүсвэл http://lovelife.delhii.net/ руу ороорой. Д.Цогбадрах
Бичсэн: http://tsogbadrakh.blogspot.com (зочин) 19:45, 2007-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
Блогруугаа орж ирэлгүй 10-д хоночихож. Тухтайхан орж ирж байгаад хэдэн зүйл бичнээ.
Бичсэн: Tji 19:42, 2007-06-12 | Холбоос | |


Пологдчихлоо
Сайн байна уу?
За яагаад дураараа, худлаа яриад байгаа юм бэ. Хэзээ ийм эрх чөлөө гэж байсын кэкэкэк.
Хүүе дээ, тархиа тэжээх гээд ороод ирсэн бялуурчихлаа шүү дээ. Энэ сэдэв чинь аймар урт болохоор нь айгаад уншиж амжисангүй. Дараа нүд өвдөөгүй үедээ орж ирж үнэрлье за юу.
Тэр хүртэл түр бая.
Аан тийм зурагаа тавьчихсан байна ш д, эгдүүтэй юм. Одоо чамайг танихгүй хүн гэж байхгүй болсоон яана аа. кэкэкэкэ
Бичсэн: Эрхэс (зочин) 21:37, 2007-06-11 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хувь хүний эрх чөлөө, төрийн үүрэг хоёрыг яг эсрэг тэсрэг байдлаар авч үзэх хандлага манай хэлэлцүүлэг дотор нэлээн давамгайлж байх шиг байна. Энэ хэрвээ олонхын дэмжлэг авах юм бол мэдээж хүндэтгэж үзэхээс өөр аргагүй. Гэхдээ тодорхой жишээн дээр анализ хийж үзэх нь чухал болж байх шиг санагдлаа. Та бидний сайн мэдэх хадгаламж зээлийн хоршоодын асуудлыг авч үзье. Үүнийг бичлэгтээ дурьдаад өнгөрсөн. Тэр хангалтгүй болжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ бизнес ёстой аяндаа үүссэн юм шиг санагддаг. Одоо ч анхнаасаа хуулиар зөвшөөрөгдсөн эсэх нь тодорхойгүй байгаа. Хоршоо бол ашгийн төлөө бус хуулийн этгээд гэж Иргэний хуулинд байгаа. Гэхдээ энэ 2002 оны хууль л даа. ХЗХ түүнээс өмнө үүссэн байж магадгүй. Одоогийн байдлаар энэ заалт зөрчигдөөд л хоршоо нэрээр ашгийн төлөө үйл ажиллагаа идэвхжиж, газар аваад, зарим нэг эмгэнэлтэй үр дагавар гараад байх шиг байгаа юм. Нэг бол тэр үйл ажиллагааг хоршоо гэж буруу нэрлэж заншсанаас төөрөгдөл үүсээд байгаа байж ч болох. Өөрөөр хэлбэл, тэр үйл ажиллагаа бол хуулиар хориглоогүй бол зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн зарчмаар явж байгаа гэдэг ч юм уу. Ямартай ч ийм нэг бизнесийн үйл ажиллагаа бий болоод удлаа. Үүнд төр оролцох шаардлагатай юу гэсэн асуулт байна.

Одоо тэр олон хохирогчдод та нарын хохь, та нар мөнгөө хүнд өгчихөөд өөрсдөө хяналтаа тавьж байхгүй яасан юм бэ, хэн ч хориглоогүй шүү дээ, өөрсдөө эрсдэл хийсэн бол, хариуцлагаа бас хүлээхээс өөр аргагүй гээд хэлж болно л доо. Энэ бол нөгөө төрийн оролцоо байхгүй, эрх чөлөөт байдлын хүрээг хэлж байна л даа. Гэтэл тэнд яг юу болж байна вэ гэхээр тийм хувь хүний эрх чөлөө, бие даасан хариуцлагын тухай ойлголт огтоос байхгүй, хялбархан аргаар мөнгөө өсгөх гэсэн, гэнэн гэмээр үй олон хүн зальтай нэгний зууш болж байна л даа. Ингэж байж, зарим нэг нь туршлагын туулай болж байж, хаширж байж зах зээлд амьдарч сурах байх л даа. Гэхдээ үүний цаана хичнээн гэр бүлийн амьдрал сүйрч, ямар хохирол гарч байгааг тооцож баршгүй юм. Хүний амьдрал гэдэг бол юугаар ч хэмжишгүй үнэт зүйл. Нэг ч хүний амь, амьдралыг золиослох эрх бидэнд байхгүй. Ирээдүйд хичнээн ч жилийн дараа юм бэ ирэх сайн сайхан амьдралын төлөө хэн нэгэн золиослогдох ёсгүй. Хүний амьдрал богинохон шүү дээ.

Нөгөө талаас ийм үйл ажиллагааг ухаалгаар зохицуулж, тэхдээ хүмүүсийн ашгийн төлөөх сонирхол идэвхийг нь унтраахгүйгээр хэн хэнд нь өгөөжтэй байдлаар хөгжүүлж болохгүй гэх газаргүй санагдана. Ялангуяа хоршоо бол жинхэнэ утгаараа тодорхой тооны этгээд нийтлэг хэрэгцээгээ хангах ийм хэрэгсэл. Үүнээсээ бүр хэтрээд даваад ямар ч хяналтгүй мөнгө хүүлэх хэрэгсэл болчихоод байхад төр анхаарахгүй явсаар байсан байгаа юм. Нөгөө утгаараа манай төр иргэндээ эрх чөлөөгөө эдлэх боломж олгож байсан хэрэг. Төрийг буруутгах аргагүй. Иргэд өөрсдөө буруутай. Одоо тэгээд төрөөс мөнгө нэхэмжилж байгаа явдал бол дэндүү утгагүй хэрэг.

Зах зээл өөрөө өөрийгөө зохицуулж чадахгүй гэж үүнийг хэлээд байгаа юм болов уу. Манай төр санхүүгийн зохицуулах хороо гэж байгууллага байгуулаад одоо зохицуулах оролдлого хийж байгаа бололтой юм. Хэтэрхий оройтсон л доо. Эрх чөлөөт нийгэмд хувь хүн бүр бусдын эрх чөлөөнд халдахгүйгээр эрх чөлөөгөө эдлэнэ гэсэн ойлголт бол хүний сайхан сэтгэлд найдсаных уу аль эсвэл өөр зүйл үү? Би хувьдаа найдахгүй байна. Хүмүүс ямар аймшигтай бусдыг ашиглан, хувиа болгож байгааг бид бэлхэнээ харж байна. Тэднийг эрх чөлөөгөө зөв эдэлдэг болгохын тулд тодорхой хязгаар л тавихаас өөр аргагүй. Үүнийг төрийн албадлагын хүчээр л хийхээс, хэн ч хувиараа үүнийг санаачлаад, өөрийнхөө зардлаар хийхгүй байх аа. Free rider problem гэж ярьдаг юм билээ үүнийг.
Бичсэн: sukhee 15:09, 2007-06-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив