Зүүд 1...
...Зүүд нойрон дундаа би өөрийгөө нэгэн том танхимд байгааг мэдэрлээ. Тэр танхимд дэс дараалуулан өрсөн шургуулганаас өөр харагдах зүйл огт байсангүй. Тэдгээр нь яг л асар том номын сан шиг. Шургуулга бүр оноосон нэртэй, сэдвээрээ үсгийн дарааллаар байрласан байв. Тээр дээр харагдах таазнаас шал хүрсэн эдгээр шургуулгууд хоёр тийшээ тасралтгүй үргэлжлэх мэт зах бараа нь үл харагдана. Шургуулгууд дээрх гарчиг олон янз. Намайг шургуулгуудад ойртон очиход хамгийн түрүүнд "Надад таалагдсан хүмүүс" гэсэн шургуулга анхаарлыг минь ихэд татав. Би шургуулгыг онгойлгон доторхи хуудсуудыг гүйлэн харангуутаа сандран түүнийг хааж орхилоо. Тэгээд би өөрийгөө хаана байгааг ойлгож эхэлэв.
Жижиг шургуулгануудаар дүүрэн энэ эл хуль танхим миний амьдралын түүх, тэдгээр шургуулганууд дээрх гарчигнууд амьдралын минь католог байлаа. Тиймээ энд миний амьдралын мөч болгон, бүүр ой ухаан минь гүйцэж санаж чадахааргүй аар саархан зүйлс ч нарийн бүртгэгдэн бичигдсэн байв. Тэр олон шургуулгануудаас хаанаас нь ч хамаагүй татан доторхыг нь үзэж эхлэхэд гайхан сонирхох сэтгэл төрхийн зэрэгцээ басхүү айдас, ичингүйрэл намайг эзэмдэж байв. Учир нь тэдгээрийн зарим нь надад баяр баясгалан авчирч хуучин дурдатгалуудыг сэргээсэн авч зарим нь ичих, харамсахад хүргэж байлаа.
Тэнд ердийн нэг гарчигаас авхуулаад ер бусын нэртэй шургуулгууд ч байв. "Миний уншсан номууд", "Миний хэлсэн худал зүйлс", "Миний инээсэн шогууд", "Миний дуртай хоол", "Миний хөгтэй явдлууд" гэх мэт инээд хүрмээр ч юм шиг. "Ах нарынхаа өмнөөс хашхичсан зүйлс", "Ээжийнхээ өдөөс амандаа бувтнасан үг" ...бусдыг нь үзээд инээд хүрсэнгүй, харин харуусал төрж эхэллээ. Эдгээр шургуулгануудын доторхыг уншаад би гайхширан бас тээнэгэлзэн зогсож байна. Би үнэхээр ийм хүн гэж үү? Би өөрөөсөө тэс өөр хэн нэгнийг өөрийнхөө дотроос тэдгээр шургуулагануудаар дамжуулан олж харлаа. Тэгээд өөр хэн нэгэн энэ бүхнийг харчих вий хэмээн дотор арзас хийн өөрийн мэдэлгүй эргэн харав. Ингэж харсандаа ч би ичив.
"Миний баярлуулсан, тусалсан найзууд" гэсэн шургуулганы хажууд "Миний гомдсон, гомдоосон найзууд" гэсэн шургуулга байна. Түүний дотор бодсоноос хамаагүй олон хуудас байх юм. Гэтэл миний найдаж байсан шургуулгууд маш цөөхөн хуудастай гээч. Тэр битгий хэл би амьдралдаа хийгээгүй гэж өөрөө өөртөө итгүүлдэг зүйлс ч асар олон хуудастайгаар, өөрийн гэсэн нэр хаягтайгаа тэр дунд байв. Тиймээ миний амьдрал миний бодсоноос тэс өөр байсан нь, бусдад гайхуулах, бахархах зүйл цөөхөн байсан нь намайг үнэхээр цочирдууллаа.
Энэ ертөнцөд өнгөрөөсөн он жилүүд туулсан амьдрал, болсон үйл явдлаа нэг бүрчлэн бичих цаг надад байсан гэж үү. Тийм зав байгаагүй ч гэлээ би энэ бүхнийг өөрөө өөрийнхөө үйлээр бичсэн байлаа. Тиймээс тэр бүх хуудас зөвхөн үнэнийг миний хүслээс гадна бичиж, би өөрөө хуудас болгоныг гарын үсгээрээ баталгаажуулсан байв.
"Миний сонссон дуунууд" гэсэн шургуулгыг татахдаа би шургуулгууд өөрийн доторхи багтаамжаараа амьдралын минь хугацаанд хэр зай эзэлж буйг илтгэдэгийг ухаарлаа. Түүний хуудсууд нь маш чигжүү төдийгүй шургуулгыг хоёроос гурван митр татаад ч төгсгөлийг нь олж харсангүй. Энэ шургуулга миний амьдралын асар их цаг хугацааг төлөөлж байгааг би мэдрэнгүүтээ сэтгэл эвгүйцэж түүнийг хурдхан хаачихав.
Сэтгэл төвдөн өвдөхийг мэдрээд өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрж байлаа. Тиймээ хайран цаг хугацаа, үүнийг би үр бүтээлтэй өнгөрүүлсэн бол хуудасгүй шахам байгаа шургуулгануудад жаахан ч гэсэн хуудас нэмж болох л байв шүү дээ. Ингэж бодоход гэнэт бараг адгуусын гэж хэлж болохоор уур хилэн дотор минь асч хэн ч хэзээ ч энэ зүйлсийг унших ёсгүй, би үүнийг устгах хэрэгтэй хэмээх тэнэг бодол ухаанд зурсхийв. Тэгээд л би бодох санах зүйлгүйгээр нэг шургуулгыг угзчин татлаа. Одоо түүний хэмжээ, юу бичсэн нь надад ер хамаагүй, түүнийг зөвхөн устгах хэрэгтэй. Шургуулгыг шалан дээр чулуудсан боловч тэр яасан ч үгүй. Хуудсуудыг салган урах гэсэн боловч тэр ч бас бүтсэнгүй. Яг л "титан" шиг бат бэх агаад миний хүч түүний өмнө өчүүхэн аж. Үнэн гэдэг ийм байдаг ажээ.
Би цөхрөн өөрийн эрхгүй хүлцэж түүнийг буцаан хийгээд толгойгоороо өөрийн амьдралаа түшин уртаар санаа алдав. Гэтэл миний нүдэнд "Үзэл бодлыг минь хуваалцсан хүмүүс" гэсэн нэртэй шургуулга харагдлаа. Түүний бариул нь эргэн тойрныхоо шургуулгыг бодвол шинэхэн агаад бараг хэрэглэгдэж байгаагүй мэт гялалзаж байв. Түүнийг татахад төө хүрэхгүй жижиг хайрцаг гарт минь баригдлаа. Гэхдээ доторхи хуудсуудыг нэг гарынхаа хуруунуудаар тоолж болохгүй шигүү байсанд цээжинд минь багтарч ядан байсан бухимдал задарч, нүд нулимсаар бүрхлээ. Би амьдралдаа үнэн сэтгэлээсээ анх удаа уйлж байна. Тиймээ бие чичрэн, цээж огшин өвдөхөд, би өвдөг дээрээ сөхрөн суугаад, энэ бүх дааж давшгүй ичгүүрт байдлаасаа ичсэндээ, амьдралын утгагүйтэлд харамссан даа, бас эл бүгдийн дундаас ганц ч болтугай үнэлж болох зүйл олсондоо нулимс унаган уйлж байна. Энгэж уйлахыг маань хүмүүс чухам юу гэж хэлэх юм бэ бүү мэд, ямартаа ч бахдал харуусал хоёрыг нулимсны нэг дусалд шингээнэ гэдэг л надад маш сонин, гайхамшигтай санагдаж билээ.
Би үнэхээр үүнийг хэзээ ч төсөөлж байсангүй, чадах ч үгүй байсан биз. Одоо харин миний өмнө асар олон шургуулгууд эргэлдэж, амьдралын минь үнэтэй агшин дахь үнэгүй үйл явдлууд ар араасаа хөврөн, тэр урт урсгал дунд би амьдралд өөрөөр хандах сэтгэлгээ хадаж, алдагдсан Tji-ийг олж авахаар эрэлхийлж байна. Тийм ээ энэ бол миний амьдралын шинэ утга.
Би зүүдлэх дуртай ...зүүд бүхэн минь утга учиртай.
1998 он
бичсэн: Tji | төрөл: 2007-03-20 өдөр 11:05
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (18) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
“Чи тэгээд надтай яримаар байгаа юм биз дээ?” гэж БУРХАН асууж байна.
“Хэрэв та завтай бол…” гэж би хэллээ. БУРХАН инээмсэглэв.
“Би бол мөнх шүү дээ … Чи ямар зүйлс асуумаар байна?”
“Хүн төрөлхтний юу нь таныг гайхашруулдаг вэ?”
БУРХАН хариулж байна…
“Тэд хүүхэд наснаас уйдаж, хурдхан том болохыг мөрөөддөг мөртөө,
насан туршдаа эргээд хүүхэд болохыг хүсдэг.”
“Тэд мөнгө олох гэж эрүүл мэндээ бардаг…
… тэгээд мөнгөө эрүүл мэндээ сэргээхэд үрж дуусгадаг.”
“Ирээдүйн төлөө санаа зовдог хэрнээ, одоо үеээ мартдаг,
яг л одоо ч ирээдүй ч байхгүй мэт амьдардаг.”
“Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг хэрнээ,
үхэхдээ хэзээ ч амьдар ч байгаагүй юм шиг харамсдаг.”
БУРХАН миний гараас бариад, бид хэсэг дуугүй зогсов.
Би дахиад асуулаа.
“Эцгийн хувьд та хүүхдүүдээ амьдралын ямар хичээлүүд сураасай гэж бодож байна?”
“Тэд өөрсдийгөө хайрлахыг хэн нэгнээс албадаж болохгүй ч
хэн нэгнээр хайрлуулж чаддаг байгаасай.”
“Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж бодох сайн зүйл биш гэдгийг ойлгоосой.”
“Өршөөж уучилах дасгалыг байнга хийж,
өршөөж уучилахыг сураасай.”
“Өөрийг нь хайрладаг хүмүүст гүн шарх үлдээхэд хэдхэн хором хангалттай ч
эргүүлж эдгээхэд өчнөөн он жилүүд шаардагдах болно гэдгийг ойлгоосой”
“Баян хүн хамгийн хангалуун биш,
хамгийн бага хэрэглээтэй хүн хангалуун гэдгийг сураасай.”
“Өөрийг нь үнэн сэтгэлээсээ хамгийн ихээр хайрладаг ч
зүгээр л сэтгэлээ нээн, илэрхийлж хараахан
чаддаггүй хүмүүс байдаг гэдгийг мэдрээсэй.”
“Хоёр хүн нэг зүйлийг хоёр өөрөөр хардгийг мэдрээсэй.”
“Нэг нэгнийгээ өршөөж уучилахаас гадна
өөрөө өөрсдийгөө уучилж сурах ёстой.”
“Танд маш их баярлалаа” гэж би шивнэлээ.
“Чиний хүүхэд мэдвэл зохих өөр зүйл байна уу чамд?” гээд,
БУРХАН инээмсэглэн
“Тэгвэл намайг мөнх энд байдгийг хэлээрэй.” гэлээ.
оюк
Үзэл бодол нэгтэй байна, Ер нь блогчид боловсрол өндөртэй, оюуны потенциал ихтэй, зөв хүмүүс дийлэнх нь бдаг юм шиг бн.
Амжилт хүсье.
Daanch ugluu bosch ireed yu zuudleed baisnaa bi lav martchihaad baidag yum.
Goy yum aa
Сэтгэгдэл бичих