libertari.mn | Форум
Блог хайлт:

Романтик хортонгууд ба ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУЛГАЙ

"Хувь хүн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг."

Фридрих А.Хаекийн энэ үгийг олон дахин уншиж, олон дахин бусадтай ярилцмаар санагддаг. Учир юу гэвэл маш олон хүн монголд бусдыг дарангуйлаад байх эрх мэдэлгүй ч яг л энд дурдах дарангуйлагч адил бодож, сэтгэн түүнийгээ бусдад тулгаж байдаг.

Бид өөрсдөө сонгон байгуулж, түүнд татвар төлж буй хувьдаа төрийг хардан бодож, хянах эрхтэй юу, ер нь иргэн хүн төрийн хувьд хэн байх вэ, иргэний нэр төр гэдэг нь төрийн магтаал, шагналаар хэмжигдэх үүрэг, хариуцлага уу, эсхүл өөрийн хүсэл, мөрөөдлөөр өөрийнхөө амьдралыг авч явах эрх чөлөө юу? Эдгээр асуудлыг эрэгцүүлсэн миний /2005 оны 3 сарын сүүлээр бичсэн шиг санаж байна/ "Иргэний нэр төр гэж байхаас төрийн нэр төр гэж үгүй" гэх нийтлэлийг хэд хоногийн өмнө olloo.mn дээр байрлуулсан байлаа. Тэнд нийтлэлд холбогдуулан олон ч хүн санал, сэтгэгдлээ бичсэн байв. Дэмжсэн, эсэргүүцсэн янз бүрийн л байр суурь. Тэр дотор цөөнгүй давтагдан, анхаарал татахгүй байхын аргагүй байсан байр суурь бол дээрх "дарангуй" бодол байлаа.

Оллоогийн зочны сэтгэгдэл: "Дэмий юм битгий яриад бай. Хардах эрх гэнэ шүү. Тэр хардах эрх чинь дэндээд ирэхээрээ өмнө болсон хэлмэгдүүлэлт чинь эхэлнэ. Би ард түмнээ муу хэлж байгаа юм биш. Чам шиг сэтгэхүйтэй, боловсролтой хүн хэд байгаа билээ. Чиний хэлж байгаагаар тэр гадаадад байдаг их эрх чөлөөг монголчуудад өгвөл юу болно гэж бодож байна. Манайхныг, ер нь хүн гээч амьтныг барьж байхгүй бол бүгд бие биеэ алаад дуусна. Бүгд л би тэгэх, ингэх эрхтэй гээд л явж өгнө. Хүн бүр л өөрсдийгөө бүхний дээр тавибал тун удахгүй, за тэгээд л ер нь мөхнө дөө. Хүнд эрхэмлэн дээдэлдэг, айдаг эмээдэг зүйл заавал байх ёстой. Төрөө битгий тэгж муу хэл. Төр гэдэг чинь олон түмний илэрхийлэл, шударга ёсыг тогтоогч. Төрөө дээдэлж байна гэдэг олон түмнээ дээдэлж байна гэсэн үг. Олон түмнээ хүндэлдэггүй чи ер нь хэн юм бэ...".

Энэ сэтгэгдлийг уншаад эрх чөлөөний тухай ярих болгонд надтай байнга тулгардаг "эрх чөлөө чинь хэтрэхээрээ" гэдэг яриатай дахиад л тулгарч байгаагаа би ойлгож буй ч цөхрөхгүй ахин дахин тайлбарлах ёстойгоо мэдэж байна.

Юуны өмнө миний зүгээс төр нь иргэнээ хардах биш, харин иргэн нь төрөө хардах тухайг бичсэн гэдгийг уншигчдийн маань ихэнх ойлгох биз ээ. Төр нь иргэнээ хардвал дарангуйлал, иргэн нь төрөө хардвал ардчилал гэж хэлдэгтэй би хувьдаа санал нэг байдаг. Нөгөө талаас эрх чөлөө гэдэг хууль ёстой байхыг хэлдэг болохоос дур зорго амилахыг хэлдэггүй гэдэгтэй ч бас санал нэгдэж байгаа. Харамсалтай нь монголд олон хүн, тэр дундаа засаглалд байгаа ихэнх хүмүүс эрх чөлөөг дур зоргоос салгаж үздэггүй бөгөөд салгахыг ч хүсдэггүй. Эрх чөлөө дур зорго хоёрыг хольж сэтгэж байгаа цагт монголчууд бидэнд "дарангуй үзэлтнүүд" эрх чөлөөг айдас болгон харагдуулж, эрх чөлөөтэй болохоор бусад хүмүүс мангас болох мэт ярьж чаддаг. Тэрэнд нь итгэдэг /би "романтик хортонууд" гэж хэлэх дуртай/ энэ мэт хүмүүс эрх чөлөөг хэн нэг нь өгдөг юм шиг бодоод ард олонд их битгий өг, тэгвэл тэд хөл толгойгоо алдана гэж өөрөө өөрсдөө эрх чөлөөнөөсөө татгалзаж, зугтдаг. Өөрөө угаасаа эрх чөлөөтэй байдгаа ойлгодоггүй, бас мэдрээгүй хүн түүнийг бусдаас авч байгаа мэт сэтгэж, их багын тухай л бодоод байхаас эрх чөлөө бол их багадаа гол нь биш, бүрэн бүтэн байхад л гол нь гэж ерөөсөө боддог ч үгүй.

Үнэхээр ч монголчууд бидний өнөөгийн тогтсон үзэл хандлагад давамгайлж буй: бусдаар тэтгэж халамжлуулах гэсэн бодь сэтгэл; ариун сэтгэлтэй, тусархаг хүмүүс цаг ямагт төрд байдаг гэж боддог ид шидийн бодол; бүгдээрээ адилхан ийм бодолтой байх ёстой гэж өөртэйгээ бүгдийг адилтгадаг хамтач үзлийн философи нь бусдын хүсэл мөрөөдөл, амьдралын үнэ цэнийг үл ойшоон, хөндлөнгөөс нь мэдээж "чиний сайн сайхны тулд" гэсэн гоё үгээр халхлагдсан эрх чөлөөний хулгайг өөгшүүлж, хөөрөгдсөөр байна. "Эрх чөлөөг монголчуудад өгвөл сөнөнө" гэх энэ үг, хэлж буй тэр хүний өөрийнх нь бодлоор монголыг сөнөөхгүй гэж хичээх үнэн сэтгэлийнх нь үг боловч "хувь хүний эрх чөлөө хөгжил дэвшлийн хөрс" гэх хүн төрөлхтний ухаарлыг монголчуудаас, тухайлбал надаас яагаад гадуур зүйл гэж ойлгож, миний өмнөөс "чи эрх чөлөөгүй байхдаа л хүн байж чадна" гэж бодоод байгаа нь тун сонин. Сонин биш бүр хачирхалтай нь тэрээр намайг бас өөртэйгээ адил яг ингэж бодож буй гэдэгтээ дэндүү итгэлтэй байдаг ба хамгийн эмгэнэлтэй нь энэ солиотой бодлоо бүгдэд хамаатуулж, хамтач байдлаар бүх хүн тэгж бодож байхад чи зөрж болохгүй гэхийг яана.

Биднээс бусад нь "эрх чөлөө байхгүйгээр би хүн байж чадахгүй" гэж бодож байхад, яагаад харин монгол хүн "эрх чөлөөгүй байхдаа л хүн байж чадна" гэж сэтгэх ёстой, тэгээд энэ ёстойг би өөрөө ч биш миний өмнөөс хэн нэг нь тэгж дүгнэчихээд түүнийгээ марксист философийн туйлын үнэн адил, амьдралын хөдөлшгүй хууль хэмээн миний амьдралд оруулж ирэх гээд зүтгээд байгаад нь би хамгийн их гайхаж, бас хамгийн их дургүйлэхдэг.

Өөрөө шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай хувь хүн гэж үнэлэхгүй, цаг ямагт өөр хэн нэг нь туслаж, санаа тавьж байхгүй бол алдаж, эндэж мэдэх тэнэг, мулгуу хүн эсхүл нас бие гүйцээгүй хүүхэд лугаа бодож, таны өмнөөс бүхнийг шийдэх гээд байх энэ зан төрхийг шинжлэх ухааны хэлээр патернализм гэдэг. Ер нь энэ мэт патериархи сэтгэлгээ, “их мэдэгч"-ийн дүр төрх бол миний бодлоор хамгийн ихээр "Романтик хортнууд"-ыг бий болгодог бөгөөд тэд өөрсдөө яагаад бусдын эрх чөлөөг хулгайлцаж, хор болж буйгаа ойлгохгүй, эцэстээ "би зүгээр л тус болох гэж, чиний төлөө л гэж үүнийг хийсэн ш дээ" хэмээн хувь хүн эрх чөлөөгүй болж, дарангуйлагчид боолчлогдсоны дараа болоод өнгөрсөн үйл явцыг гайхан, том харсаар хоцордог.

Эрх чөлөөгөө хулгайлуулж, одоогийн төрийн түшээд, ордны профессоруудын ярьж, ойлгуулах гээд байдагчлан төрийн өгөөмөр сайхан сэтгэлийн бэлэг, буян хишиг болгочихгүйн тулд бид эрх чөлөө хувь хүнээс үл салах индивид чанартай гэдэгт хатуу итгэх ёстой. Энэ индивид байдлаа хамгаалахын тулд хамтач нийгмийн үзлийг сөрж зогсох үзэл бодлуудтай ойр байх нь бас чухал. Гэвч харамсалтай нь өнөөдөр бидэнд "романтик хортон" болж эрх чөлөөг минь хулгайлцах их сургуулийн "оюунлаг" /профессор/-ууд цөөн бус байна. Тэд нар "иргэн бол өргөмжлөгдсөн /ард түмний/ төрийн эд эс" хэмээх фантази сэтгэлгээндээ одоо ч хөтлөгдөн - нийгэм, хамт олныг чухалчилсан, төрийг өргөмжилсөн социалист онол, дундад зууны уламжлалаа гээж чадахгүй, энэ хоцрогдсон үзэл бодлоороо хувь хүн өөрийгөө үнэлэх сэтгэлгээг эвдсээр, "бүлгийн ашиг сонирхлын төлөө хувь хүнийг золиослох" коммунист, фашист ёс суртахуунаараа эрх чөлөөг хоосруулсаар л байна.

"Төр бол ард түмэн, олон түмний илэрхийлэл" гэж үзэх нь хамтач үзлийг гол болгодог социализмын л үеийн ойлголт шүү дээ. Коммунистууд болон фашистууд л "би" гэж ойлголт байхгүй дандаа "бид" гэж ярьдаг үзэл суртлаараа ганц тооны төлөөний үгийг марттал нь хувь хүний тархийг угааж чаддаг онолчид байсан. Чөлөөт нийгэмд хувь хүн өөрийн бие, эрх чөлөө, өмч хөрөнгөө хамгаалуулахаар бий болгосон төрийг гагцхүү тэд л хамтын нийгэмтэй хольж, хутган төрөлхөөсөө эрх чөлөөтэй иргэнийг хүн ёсны хэвийн ухаанаар ойлгомгүй үүрэг, хариуцлага төрийн өмнө хүлээсэн "харьяат" болгон хувиргаж, "олон түмнээ хүндэл" гэдэг лозунгаар хувь хүнийг хэн ч биш болгодог. "Олон түмнээ хүндэлдэггүй чи ер нь хэн юм бэ" гэх үг үүнтэй адил сонсогдохгүй байна гэж үү.

"Бид бодохдоо", "бид үзэхдээ" гэж эрдмийн зэрэг хамгаалдаг БНМАУ-ын эрдэмтэд, тэдний энэ арга барилаас амжилттай суралцсан өнөөгийн "ордны профессор"-ууд л эрх чөлөөнд эзэн байх гэсэн монгол хүний хүсэл эрмэлзлэлийг, хүний төлөө гэж үүссэн шинжлэх ухааны ололтыг, ардчилсан нийгмийн дэвшил хөгжлийг хүнээс нь салган "нийгэмжүүлж" байна. Тэд л өөрийнх нь хийсэн юм нь юу юм бүү мэд, нэгдүгээр төлөөний бие байхаа байчихсан, бидний л гээд байдаг тэр онол, үзэл бодлоороо өөрөө ойлгож чадахгүй байгаа хувь хүний эрх чөлөөг "хамгийн бага оролцоотой төр, төрөөс дээгүүр хувь хүн" хэмээх үзэл бодлынх нь хамт монголд таарч тохирохгүй гэж сурталдаж байна. Би хувьдаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм ч учраас Айн Рэндийн адил "олон мянган шударга хүмүүс эрх чөлөөнийхөө үр шим, өөрийнхөө авъяасаар өөртөө болон өөрийн гэр бүлдээ сайн сайхан амьдралыг бий болгож чадсанаас гадна, далимд нь тийм авъяас байхгүй олон сая хүмүүст урд өмнөх түүхэнд үзэгдэж харагдаагүй тогтвортой амьдралын тохилог орчинг бий болгож өгсөн бөгөөд, энэ бол эрх чөлөөний үнэ цэнийн тухай энгийн нэг үнэн" гэж хэлмээр байна.

Иргэд эрхээ бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадах түвшинд боловсроогүй гэж үзэж байвал эрхийг нь булаах биш харин тэднийг гэгээрүүлэн сэнхрүүлж, хүний өөрөө өөрийгөө мэдэх эрх чөлөөг хүндэтгэн эрхийг нь эдлүүлэх ёстой...

2006.03.20


бичсэн: Tji | төрөл: 2007-04-14 өдөр 10:18
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:




x(
Бичсэн: Зочин 11:45, 2008-04-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
жам ёсны эрх болоод нийгмийн эрх гэсэн 2 эрхийн талаар салгасаныг сайн ойлгосонгүй. :-/ Нэгэнт бид ойд амьдарч байгаа сармагчин биш хүний нийгэмд амьдарч байгаа болохоор нийгмийн эрх, үүрэг гээч тэр зүйл заавал байх ёстой байх... түүнийг зохицуулахын тулд, тэрнийг ойлгодоггүй дур зоргоор аашлагчдыг хориглож барьж байхын тулд хууль гэдэг байдаг гэж ойлгодог... Харин тэр хууль нь одоогийн манай нийгэмд шал ондоо зүйл болчихоод байгаад хармасмаар... Бүх хүмүүсийг ёс суртахуунтай болоод, нэгнийхээ эрхийг зөрчихгүй болгочих тийм боломжтой бол нөгөө байгуулах гээд байсан "социализм (нийгэмшилт гэх юм болов уу?)" гээч нь болчих байх. Тэрэнд хүрчихвэл ч хууль ч үгүй, төр ч үгүй зохицож амьдарч болох байх л даа. Гэхдээ тийм туулийн зүйлийн наана юу байгааг бас харах хэрэгтэй байх??? Үнэхээр тийм зүйл байх боломжтой юу???

Нөгөөтэйгүүр хүмүүс Тэмүүжин ахын бичсэнийг бас хэт өнгөц харж буруу ойлгож болохгүй. Энэ бичлэгний эхэнд "Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг..." гэсэн байгаа л даа. Гэвч хүмүүс үнэхээр өөр хоорондоо ямар нэгэн хууль дүрэм тохиролцоо, гэрээгүйгээр зохицоод амьдарах ёстой гэсэн үг үү? тийм боломж байгаа юу?
Тэгэхээр тэр хүмүүс хоорондоо харилцах харилцаандаа тэр хууль гээчийг зохиож ашигладаг, харин тэр хууль гээчийг биелүүлэх, биелүүлүүлэхийн тулд бас тодорхой хүмүүс хийхээс өөр аргагүй бөгөөд тэр нь хууль цагдаагийн байгууллага байх, энэ нь төр гээчийн нэгэн үүрэг нь. Нөгөө талаар тэр төр гээч нь (уг нь бол тухайн нийгэм дэх хүмүүсийн жинхэнэ төлөөлөл болж, тэр нийгмийг зөв гольдрол руу буюу олонхид ашигтай чиглэл рүү хөтлөж байх үүрэгтэй..) удирдагч чилүүлэгч байх???
Эцсийн дүнд хувь хүн өөрөө нэгдүгээрт байж болох ч нийт, олонхи гэдэг ойлголтыг шууд бас үгүйсгэж болохгүй л болов уу..
"хамгийн бага оролцоотой төр, төрөөс дээгүүр хувь хүн" гэсэн ойлголт дээр ч энэ гарч ирэх байх. Ер нь бол төр бол бусдын төлөө ажиллах ёстой үйлчилгээний байгууллага байх ёстой гэж л боддог. Энэ бол байгууллага болохоос сүлд болгоод тахиад, дээдлээд мөргөөд байх зүйл бол биш.
Харин тэр хүн алах хүртэл хүний эрхийг зөрчинө гэдэг бол зохицуулах (жишээ нь амийг амиар солих г.м) ёстой асуудал байх л даа. Мааш муу эхнэрээ зоддог, архичиныг чи алсан гэж бодъё. тэгвэл нэг талаар зөв мэт боловч эцсийн дүнд тэр хувь этгээдийн эрхийг чи зөрчсөн болж таарна. Хүний амь гэдэг бол эцсийн туулийн ойлголт болов уу. Чи өөрөө нэг хэлж байсан сайн иргэн муу иргэнээр сайн хуулийг зөрчүүлэхгүйн тулд муу хуулийг дагаж мөрддөг гэж... за тэгээд энэ тал дээр бид байтугай дэлхийн олон мянган эрдэмтэд маргалддаг биз дээ...


Зассан: xvv хэзээ: 2.11.2008 02:48
Бичсэн: xvv 04:38, 2008-02-12 | Холбоос | |


Сэтгэгдэл
эрх чөлөө, дур зоргоор авирлах хоёр өөр ойлголт. түүн шиг жам ёсны эрх, нийгмийн эрх 2 бас өөр ойлголт санагдана. би тэр намайг цаазлах эрхгүй гэдгийг миний жам ёсны эрхийг төр байтугай нь хязгаарлах эрхгүй л гэсэн утгаар бичсийн. ер нь амийг амиар сольдог нь хаанахаас гаргаж соёрхсон шудрага ёс юм бэ? би ойлгодоггүй. ярианы гол үүнд бус харин жам ёсны эрхийн халдашгүй эрхийг төрөөс тэр романтик хортонгуудаас хамгаалахад л оршиж байгаа юм... миний л бодол. энэ блогийн эзэн илүү сайн тайлбарлаж чадах байх.

Зассан: tagtaa хэзээ: 2.11.2008 02:52
Бичсэн: tagtaa 16:50, 2008-02-11 | Холбоос | |


жишээ нь хэн нэгэн этгээд өөрийнхөө "эрх чөлөө"-г эдлээд өөр нэгний амьдрах эрх чөлөөг зөрчин түүнийг алжээ гэж бодъё. Энэ тохиолдолд аль нь эрх чөлөө вэ? Бусдын эрхийг зөрчсөн ч өөрийнхөө эрхийг эдэлж байна гээд тэрнийг цаазаар авалгүй (насаар нь хорилгүй) орхих нь зөв хэрэг үү?
Бичсэн: xvv 21:28, 2008-02-10 | Холбоос | |


яагаад миний бодлоор хариуцлага гэж юм байх ёстой. чи ямар нэгэн хүнд хэрэг үйлдсэн бол тэр хэмжээнийхээ хариуг бас үүрэх ёстой гэж боддог. хүн алчихаад, эсвэл чиний хэлсэн 76 шиг (зарим уг нь өөр л байх...) хуулийг зөрчигчид ч бас зөрчсөнийхөө хариуг үүрэх ёстой боловч үүрдэггүй. Миний бодлоор хууль байж тэр нь бүгдэд тэгш үйлчлээд, төр байж, тэр нь бидний эрх ашгийг хамгаалж, бидний эрх чөлөөг хамгаалж ажиллах ёстой байх. Адуунд ч гэсэн азарга, чонын сүрэгт ч бас удирдагч байдаг юм. Эртнээсээ Монголчууд чоныг шүтэж дуурайж ирсэн. Харамсалтай нь одоо бид удирдагчаараа мулгуу хүмүүсийг сонгочихоод хэн ч хэрэггүй гэж ярьж суугаа нь буруу байх. Хэн нэг нь удирдах л ёстой. Харин удирдагч маань сүргийн манлай байж дагуулж чадах л хүмүүс байх хэрэгтэй байх. Тэрнээс учир утгагүй эрх чөлөө ярьсан мөртлөө эрх чөлөө гэж юу болохыг ч ойлгохгүй бусдын эрх чөлөөг тоолгүй, өөрийгөө дураараа дургиж байх ёстой гэж боддог, хариуцлагаа ухамсралдаггүй хүмүүс нь ийм олон байхад эрх чөлөө гэж ярих нь утгагүй ч юмшиг заримдаа санагддаг.
Бичсэн: xvv 21:21, 2008-02-10 | Холбоос | |


uuntei sanal neg baina. minii erh choloo nadtai tsug torson zayagdmal shinjtei gej oilgodog uchraas niigmees minii esreg tavij baigaa alivaa horigloltond dandaa tsuhalddag mini haritsangui eruul setgelgee gej oortoo itgedeg. huuli gej deer setgegdel bichjee... huuli gedeg chini nogoo 76giin bidend /beleglej bui/ erh choloo yumuu esvel horiglolt hyazgaarlalt yumuu? medeej alivaa zuil deer toriin oroltsoo baih ni zuitei ch ter ni baga baih tusam l iluu sain. haanaa meddeggui ard tumen l hamgiin jargaltai ard mumen gedeg baih aa... ene ni toriin oroltsoo srd tumnii amidrald baigaa baihgui ni medehdehgui tuvshind baihiig l helj baigaa hereg shuu dee... tsaashilval namaig yamar hund hereg uildsen baisan ch tsaazaar avah erh tord ugui l baihgui yu...
Бичсэн: tagtaa 15:11, 2008-02-10 | Холбоос | |


Хууль гээд нэг юм байна шүү дээ.
Тэр Эрх чөлөөг хүмүүст өгчихвөл гэж яриад байх юм??? Тэртэй тэргүй хууль энэ тэрээрээ л зохицуулагдах ёстой биз дээ? За за сайн ойлгохгүйм байна..
Бичсэн: xvv 01:33, 2007-04-15 | Холбоос | |


<i>Сэтгэгдэл</i>
Хувь хүн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг. Гайхамшигтай үг. Даан ч манай улсад эрх чөлөөгөө заяамал гэдгийг ойлгох бие хүн ховор болчоод байх шиг.


Зассан: Tji хэзээ: 4.15.2007 09:51
Бичсэн: Зочин 18:05, 2007-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл
Иргэд эрхээ бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадах түвшинд боловсроогүй гэж үзэж байвал үүнийг иргэний эрхийг булаах биш харин тэднийг гэгээрүүлэн эрхийг нь мэдүүлж, хэн ч байсан гэлээ хүний өөрөө өөрийгөө мэдэх эрх чөлөөг хүндэтгэх ёстой...


гэдэгтэй санал нэг байна. манайхан тэр янз бүрийн суврага, бурхан этэр (хэнд ч хэрэггүй зүйлс) бүтээх гэж хэдэн зуун сая төгрөг хаяж байхаар иргэдийнхээ наад захийн боловсролд зарцуулмаар юм даа л гэж боддийн.
Бичсэн: lazulum 12:09, 2007-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 

Танилцуулга

Зургийн цомог

Архив